Wednesday, April 20, 2011

Бак Бу Хыи таны захидалд өгөх Монгол гишүүн миний хариулт

Бак Бу Хыи таны захидалд өгөх Монгол гишүүн миний хариулт

Бак Бу Хыи гуай таныг би хувь хүнийхээ хувьд ихэд хайрлан хүндэтгэж ирсэн. Жинхэнэ Аавын замналд гардаг хэсгийг нь л санахад өөрийн эрхгүй хүндэтгэх, хайрлах сэтгэл төрдөг байсан нь үнэн. Конгрессийн гишүүнийг хүртэл ялж, Жинхэнэ Аавыг өмгөөлж байсныг дуулаад адилхан мундаг гишүүн болохыг хүсдэг байсан.
Гэтэл тэр бүгд хүндэтгэл таныг Монголд ирснээр, түүний дараа “Монголын Энх тайван Эв нэгдлийн Хөдөлгөөн" -өөс гаргасан 12 сарын 13-ны өдрийн шийдвэрт гарын үсэг зурсан 46 хүнд бүнбунгуан Бак Бу Хыигээс илгээж буй хариулт” гэсэн захиаг уншсанаар бүрмөсөн алга боллоо.
Уг захианд Монголын төлөө сэтгэлтэй, Монголын төлөө нулимстайгаар мөргөлөө, Монголын төлөө үлдсэн насаа өнгөрөөнө гэж олон бичсэн мөртлөө Монголын хөдөлгөөн үүсэн бий болсон цагаас өнөөдрийг хүртэл залуу халуун насаа зориулж босголцсон ах эгч нарыг маань сэтгэлд буумгүй үгүүдээр доромжилжээ гэж хэлэх байна.
Бак Бу Хыи гуай таныг их эрдэм мэдлэгтэй, хөдөлгөөний хувьд Жинхэнэ Аавыг тулдаг хоёр том баганы нэг мэтээр гэж бодож байтал ийм өчүүхэн тулга тойрсон хэрүүл дээр ам хэлээ билүүдэн хэрүүлийн алим болгон бичсэн захиагаа зөвхөн гарын үсэг зурсан 46 хүнд хамаатай гэж бичжээ. Гарын үсэг хамт зуралцсаны хувьд энэ захиа нь надад ч хамаатай бөгөөд 46 биш 460 илүү гишүүд үүнд гарын үсгээ зурсан гэдгийг хэлчихмээр байна. Мянга гаруй Нэгдлийн сүмийн гишүүд ямар ч буруугүй, харин гарын үсэг зурсан хүмүүс л буруутай гэж бичиж. Гарын үсгээ зурж амжаагүй ч яг одоо зурахад бэлэн байгаа гишүүд таны хэлснээс илүү байгаа шүү.
Мөн МЭЭНХ-ий шийдвэрийг шууд дайрч доромжилсон утгатай болж гэжээ. Та дахин нэг уншиж үзэх хэрэгтэй юм шиг байна. Таныг дайрч доромжилсон үг байна уу, үзээрэй.
Та гарын үсгээ зурсан эдгээр хүмүүсийг Жинхэнэ Эцэг Эхийг дурдах эрхгүй гэж бичжээ. Тэгээд дээрээс нь Жинхэнэ Эцэг Эхийн үр сад биш гэж үзэж байгаагаа ч илэрхийлж бичсэн байна. Жинхэнэ Эцэг Эх бүх хүн төрөлхтний эцэг эх. Царай муутай байна уу, сайн уу муу юу гэдгээс үл хамаараад хэнийг үл ялгалгүй хайрладаг учраас Жинхэнэ Эцэг Эх гэдэг алдрыг хүртсэн гэж би ойлгодог. Харин Бак Бу Хыи гуай танд Жинхэнэ Эцэг Эхийн эрхийг хуваарилж, ялгах эрх байхгүй болов уу.
Таны захиан дээрээ “туйлын дуулгавар” гэдэг үгийг маш их давтаж онцолсон байна. Туйлын дуулгавартайгаа нотлохын тулд Жинхэнэ Эцэг Эхийн зарлигийг дуулгавартайгаар дага гэж хэлжээ. Бид буруу суралцсан байж болох ч зарчим л өөрчлөгдөөгүй бол Бурханы биднийг өөрийнхөө үр хүүхдээ болохыг хүсдэгээс зарц боол байлгаад байхыг хүсдэггүй санагдана. Жинхэнэ Аав бидэнд авралын үйл ажиллагааны эзэд нь бол гэж зааж байснаас зарц боол нь бол гэж зааж байсныг би мэдэхгүй юм байна. Таны хэлж буй туйлын итгэл ямар ч сонголтгүй, зарц боол бай гэж байгаатай адилхан бишүү.
Жинхэнэ Аав Энхийн зурвасдаа зааж сургахдаа Бурхан хүний анхдагч сэтгэлд оршино, анхдагч сэтгэлдээ туйлын дуулгавартай байхыг захиж хэлсэн. Түүнээс биш Жинхэнэ Аавын нэрээр бамбай барьсан аливаа тулган шаардлагад дуулгавартай байхыг зааж сургаагүй.
“Монголын Энх тайван Эв Нэгдлийн Хөдөлгөөн” гэдэг байгууллагыг Жинхэнэ Аав хэзээ ч байгуулаагүй, өөрсдөө үл бүтэх бүлэглэлийг байгуулж өргөн олныг хууран мэхэлж байгаа гэж бичсэн байна. Таныг Монгол орныг үнэхээр хайрлаж л байгаа бол Монгол оронтойгоо эхлээд сайн танилцах хэрэгтэй байх гэж санана. Монголд Жинхэнэ Аавын сургааль өнөөдрийг хүртэл энэ нэр дор хөгжин цэцэглэж ирсэн. Мөн энэ нэрийг дор олон түмнийг хууран мэхэлж байна уу, эсвэл хөгжил цэцэглэлтийг авчирч байна уу гэдгийг олон түмнээс өөрөөс нь асуувал дээр байх. Шар мэдээ бичдэг сэтгүүлч шиг ширээнийхээ ардаас өөрийнхөө бодлоор таамаглан бичих нь таны насны өндөр сүр алдартай хүнд зохихгүй мэт.
Жинхэнэ Аавын “Дэлхийг Хайрлагч Энхийн Хүн” номондоо өөрийнхөө амьдралын туйлын зорилгыг зөвхөн нэг явцуу шашныг үүсгэн байгуулахын төлөө байсан гэж бичээгүй. Таныг энэ номыг нэг удаа ч болов бүрэн уншсан гэж найдъя. Гэтэл та Жинхэнэ Эцэг Эхийг зөвхөн Эв Нэгдлийн Сүм болон Ертөнц Дахины Энхтайвны Холбоог байгуулсан гэж бичжээ. Тэгвэл Жинхэнэ Аавын өөрийнх нь үндэслэсэн Дэлхийн Энхтайван Эв нэгдлийн төлөөх Гэр Бүлийн Холбоо, Дэлхийн Энх тайвны төлөөх Залуучуудын Холбоо, Дэлхийн Энх тайвны төлөөх Эмэгтэйчүүдийн Холбоо гэх зэрэг олон Төрийн Бус Байгууллагууд хаачсан болж таарах вэ? Аль эсвэл энэ байгууллагууд нь огт байгаагүй юм уу. Ингэж барин тавин худал хэлэх нь таны алдар хүндэд огт зохихгүй байна.
Мөн Жинхэнэ Аав Энхийн зурвастаа маш тодорхой жинхэнэ хайрыг хэрэгжүүлж Бурханы хүслийн төлөө бусдын тусын тулд амьдарч чадаж байгаа хэн боловч авралын үйл ажиллагааны эзэн гэж хэлснээс нэрээ хэрхэн өгсөн, хэнээс зөвшөөрөл авснаар нь ялгаж үзэхийг заагаагүй. Таны бичсэнээр бид Жинхэнэ Эцэг Эхэд ямар ч хамааралгүй сайн дурын байгууллага байгуулаад бас таныг хуурахыг оролдож байгаа мэтээр бичиж. Та ядаж таныг хуурах гээд байгаа залуучууд Монголд ямар үйл ажиллагаа хийсээр ирснийг сонирхсон уу? Гаднах үзэмжээр хүнийг дүгнэж болдоггүйн адилаар нэр хэлбэрээр агуулгыг дүгнэсэн таны дүгнэлт хэтэрхий өнгөцхөн болжээ гэж хэлмээр байна.
Жинхэнэ Аав удирдагч гэдэг ойлголтыг “эцэг эхийн зүрх сэтгэл, зарцын бие” гэдэг холбоо үгээр маш товч тодорхой сургасан. Та бичихдээ Намайг онгоцны буудал дээр очиход нэг ч хүн надтай онгоцны буудал болон зочид буудалд хүртэл уулзахаар ирээгүй нь үнэхээр том ёс алдсан хэрэг байсан, ...үүндээ санаа зовох хэрэгтэй шүү” гэжээ, энэ үгийг харахад Жинхэнэ Аавын зааж сургасантай огт зохицохгүй шиг санагдана.
“Та монголын гишүүдийг үг бүрийнхээ төгсгөлд жинхэнэ хайр гэж ярьдаг атлаа сууж явсан машин руугаа дайрсан” гэж буруутгажээ. Би тэр үйл явдлын дунд байсан хүний хувьд танд хэлчихье. Тэр машинд та сууж яваагүй. Тэр машины эзэн Монголд хамт зориулж явсан зорилго нэгт ахан дүүс, анд нөхрийнхөө итгэлийг алдсаны төлөө машины эзэнд андын зүгээс хийсэн хэр хэмжээ нь хэтэрсэн байж болох ч бас ойлгож болохоор үйлдэл байсан. Гэтэл цаад учир шалтгааныг ухаж ойлгохыг хүсэлгүй шууд өлгөн авч, ариун газар ч зурагаа авахуулаагүй мөртлөө хагарсан шилтэй машиныг сонгон бүрэн бүрэлдэхүүнээрээ ялалтын агшин мэт бахархалтайгаар зогсож зурагаа авахуулсан таныг өөрийнхөө санаагаа бидэнд тайлбарлаач хэмээн гуйя. Мөн машиндаа гэмтэл учруулсандаа хангалттай шийтгэл хүртэж хамраа чихүүлэн, цус нөжиндөө хутгалдаад байсан өөрийнхөө хүүхдээс чинь ялгаагүй настай, Монголд гэр бүлээрээ олон жил зориулж яваа зорилго нэгт миссионер хүнийг дуудаж уулзахдаа биенийх нь гэмтэлд санаа зовсон нэг ч үг хэлээгүй мөртлөө аль хэдийн өндөр тушаалтай цагдаа дуудан хэрэг явдлыг хуулийн дагуу шийдвэрлэх тухай хэлэлцэж суусан нь ахмад настай, эцэг хүнээс гарч болох ёс зүйт үйлдэл мөн үү. Үүнийгээ та жинхэнэ хайрын үйлдэл гэж хэлж чадах уу?
Библийн судраас иш татаж усан үзмийн модноос тасран унавал үхэл нүүрлэж буй мэтээр та бичжээ. Гишүүдийн итгэлийг айдсаар татах гэж оролдож байгаа бол та том эндүүрч байна. Жинхэнэ Аав тэнгэрийн дараах эрин үеийг тунхаглахдаа хүн бүр авралын үйл ажиллагааны эзэд болж болохыг заасан. Энэ эрин үед хүний итгэл сэтгэлийн гүнээс ундрах хайраар тэтгэгдэж явах учиртайгаас хуучин гэрээний үе шиг айдсаар хүлэгдэж яваад амжилт олно гэж огт бодохгүй байна.
Та Монголын гишүүдийг, гарын үсэг зурсан 46 хүнийг Жинхэнэ Эцэг Эхийн хагас зууны турш цус хөлсөө урсган байж олсон сүмийн хөрөнгийг дур мэдэн зарж буй мэтээр бичихийг оролдохдоо их зохимжгүй жишээ татжээ. Монголын авралын үйл ажиллагаанд Солонгост болж буй Ёидугийн Ариун газар, Сентралситигийн өв хөрөнгийн заналхийллийг дурдсан нь ямар учиртай юм бэ? Тэр үйл явдалд нэг ширхэг ч монгол гишүүд нэр холбогдоогүй.
Харин Монголд байгаа хөдөлгөөний хөрөнгийн тухайд ярих гэж байгаа бол өөр хэрэг. Таны хэлээд байгаа хөдөлгөөний хөрөнгийг бий болгохын хэдэн өнөөдрийг хүртэл хэдэн монгол гишүүн эх орноосоо алсыг зорьж Америк, Солонгос, Орос, Малайз болон бусад улсуудад цус, хөлс, нулимсаа урсган байж өдөр шөнө ялгалгүй, халуун чулуу долоосныг та мэдэх үү. Миний мэдэхийн л хэдэн зуу хол давсан байх. Миний бие ч тэдний нэг. Авралын үйл ажиллагааны төлөө биш байсан бол тэдгээр гишүүд он жил дамнан цалин хөлс ч үгүй бүх цаг хугацаагаа зориулах байсан уу?
Монголд босгож бүтээсэн болгон байрандаа байгаа. Анхдагч зорилгоосоо гажиж , таны хэлснээр хэн нэгний гарыг хүндрүүлэхээр хэрэглэгдээд байгаа зүйлийг л лав би өнөөдөр олж харахгүй л байна. Бидэнд халхалж далдлаад байгаа зүйл алга. Харин туслах дэмжих нэртэйгээр ирсэн мөртлөө зөвхөн санхүүгийн хяналт хийж, үл хөдлөх хөрөнгийн ордер шаардаж, нэхсэн хонины арьс нөмөрсөн “чононууд”-ад үүд хаалгаа нээж чадахгүй. Дэлхийн миссионеруудын төвийн эдгээр нөхдүүд зөвхөн үл хөдлөх хөрөнгөд сонирхолтой байгаагаа илтгэж олон жил нэг удаа туслах нь бүү хэл зочлож ч байгаагүй уулзалтаа санхүүгийн шалгалтаар эхлээгүй гэж үү?
Уул шиг өндөр нуруутай хүний амнаас гарч байгаа гэхэд үнэмшмээргүй үгийг та төгсгөлд нь бичжээ. Ахан дүүсийг нь хооронд турхирах муухай үгээр захиагаа эмжсэн байна. Нүдээ аниад сууж буй хүн монголд нэгээхэн ч байхгүй. Харин та өөрөө нүдээ нээх цаг ирсэн санагдана.
Монгол хүнийг хоньтой зүйрлэсэн чинь тун зохисгүй байна. Монгол түмэн хонь өсгөж ирснээс хонь болж амьдарсан түүхгүй. Монгол түмэн хөх чоноо дээдлэн ирсэн, эцэг өвгөдийнхөө зааж сургаснаар ихийг нь эцээж, багыг нь тураалгүй явж ирсэн түүхтэй. Их зорилгын төлөө, энх тайвны төлөө илдээ далайж байсан ч анд нөхөд амраг садандаа үнэнч дотно явсан монгол түмнийг та хэтэрхий дутуугаар үнэлжээ.
Жинхэнэ Аавын тогтоосон хугацаа богино энэ үед хэн нэгний талд талцаж тоглохыг бид хүсэхгүй, зөвхөн зөв зүйлийн төлөө л хүчээ зориулахыг хүсч байна. Турхирч яс хаях сэтгэлээ гээгээд жинхэнээсээ Монгол орныг хайрлаад эргэн ирээрэй.


Таныг үргэлж хайрлаж, хүндэтгэх сэтгэлээ гээхийг үл хүсэх нэгэн Монгол гишүүнээс...

No comments:

Post a Comment