Сайн байна уу, Энхжаргал эгч ээ.
Юутай ч танд өдрийн мэндийг хүргэе. . Намайг Чинзориг гэдэг. Би 2000 онд гишүүн болоод 2002 оноос Монголын эв нэгдлийн хөдөлгөөний удирдагч бэлдэх Солонгос, АНУ-ын МФТ зэрэг уламжлалт 7 жилийн замналаар явсан адислагдсан гэр бүлийн гишүүн, хөөрхөн хоёрдагч үеийн хүүгийн аав байна. Таныг би харж байснаас биш сайн мэдэхгүй. Тиймээс би өөрт чинь ямар нэг хувийн үүднээс хар муу санасандаа энэ захиаг бичсэнгүй. Харин ч зарим ахмад гишүүд таныг мэдлэг боловсролтой, төлөв сайн хүн гэж хэлж байсан. Гэхдээ энэ 4 сарын 9 өдөр таны Монголд байгаа, мөн өөр оронд ч амьдарч байгаа ахан дүүстээ хандаж бичсэн захиа хэтэрхий хуумгай, бодолгүй байсанд харамсан энэ захиаг бичиж байна.
52 дах удаагийн ЖЭЭ-ийн өдрийн ёслолыг та орчуулж бичжээ. Гэхдээ их олон зүйлийг нь гээж бичсэн байна. Жинхэнэ Монгол гишүүдийг ЖЭЭ-ийн өдөрт олуулаа ирснийг сайшааж хэлснийг нь лав би сонсоогүй. Харин зэмлэж хэлснийг нь бид бичлэг дээрээс үзсэн. Өнөөдрийг хүртэл дэлхийн аль ч орон ЖЭЭ-ийн өдөрт аль нэг орон тэгж олноороо орж байсныг мэдэхгүй юм. Гол ёслол дээр орон бүрийг төлөөлж үндэсний аврагчид, тив дэлхийн удирдагчид ихдээ л гэр бүлийн хамтаар оролцож байсныг мэдэх ч манай монголчууд шиг дөчин хүн бүр урдуур суун оролцож байсан удаа байхгүй. Магадгүй ЖЭЭ үнэхээр Монгол орныг маань тусгайлан үзсэн бол бид баярлалгүй л яахав. Гэхдээ Жинхэнэ Аавын хэлснийг сонсоход тийм биш шиг л санагдсан.
Энэ бол миний л итгэл бодлоор бичиж байгаа захиа болохоор алдаа, мадагтай байж болно оо. Миний өнөөдрийг хүртэл сурч мэдэж ирсэнтэй таны захианы зарим хэсэг огт таарахгүй байгаа. “Надтай хамт энэ газар дэлхий дээр зургаа авахуулж чадсан хүн нь сүнсэн ертөнцөд ч гэсэн ЖЭЭ-тэй хамт байж чадах болноо” гэж та бичсэн байна. Харин би огт өөр бодолтой байгаа. Сүнсэн ертөнцийг хил хязгаартай, зөвхөн хэдхэн хүн л ЖЭЭ-ийн хамт байдаг гэж бодохгүй байна. ЖЭЭ-тэй хамт зурагаа авахуулсан нь хамт байж, чадаагүйд нь хамт байх боломж олдохгүй гэж бодохгүй байна. Гэхдээ Аав өөрөө тэгж хэлсэн бол хэзээ, хаана хэлснийг нь хэлээрэй.
Зөвхөн таны захиан дээр ч биш, урьд өмнө ирсэн Бо Хи Паг гуайн захиа, бусад сүмийн удирдагчдын захиан дээр “туйлын дуулгавар” үгийг дандаа онцолж бичиж байгаа. Туйлын дуулгавар гэдэг үгийг та юу гэж ойлгож байгаа вэ? Энхийн захидал дээр Жинхэнэ Аав хүн бүрийн туйлын итгэж дагах зүйлийг түүний анхдагч сэтгэл гэж тодорхойлсон байдаг. Би тэр нь зүйтэй гэж боддог. Адам Ева хоёр мэдлэггүй байдлаасаа бол уналтад орсон. Мэдэх ёстой байсан гэж хэлэхгүй, цаг нь болохоор мэдэх л байсан. Өнөөдөр бид аль нь зөв аль бурууг хэн нь ч хэлж мэдэхгүй байна. Мэдлэггүй байдлаасаа зориглон үйлдэл хийвэл энэ чинь уналт биш гэж үү. ЖЭЭ-д итгэ, ЖЭЭ удирдамж өгсөн гэж та хэлж л байна. Сатан ч гэсэн тэгж л хэлсэн шүү дээ.
Адислагдсан гэр бүлийн хувьд таны туулж ирсэн амьдралаар би бахархаж байна. Адислал авснаас хойш 10 жил болж байгаа юм байна. Хүүхдүүд чинь ч том болж. Та олон зүйлийг туулж гарсан байна. Үүнд би юм хэлэхгүй ээ. Бид бүгд адил замаар явж байгаа.
Та адислалыг зөвхөн Жинхэнэ Эцэг Эх өгдөг гэдгийг маш онцлон бичсэн байна. Энхийн захидлыг та дахин нухацтай уншиж үзээрэй. Хорвоогийн бүх хүнийг ЖЭЭ өөрөө бодитоор адислаж чадах болов уу? ЖЭЭ бидэнд адислал өгөхдөө одоо та нар овог аймгийнхаа аврагч нар боллоо гэж хэлсэн. Тэгвэл яагаад овог аймгийнхаа Аврагч гэж хэлсэн юм бэ? Энэ нь ЖЭЭ-ийн адислалыг түгээн дэлгэрүүлэх ёстой гэсэн утга биш гэж үү. Таны хэлж байгаагаар зөвхөн ЖЭЭ-ийн адислал үнэн бөгөөд хүчинтэй, бусад хэн ч адисласан хүчинтэй биш гэх гээд байх шиг. Би тэгж бодохгүй байна. Зарчим ёсоор адислалыг хүртсэн хэн боловч адислалыг өгч болно. Адислал гэдэг усгүй хатаж яваа нэгэндээ ус түгээхтэй адил зүйл гэж ойлгодог. Бүх хүн төрөлхтнийг адислах нь Аврагчийн зорилго, Аав сүүлийн хийсэн илтгэлийн аяндаа дэлхийн 6 тэрбум хүний хэнийг ч ялгалгүй адисла гэж хэлсэн. Тэрнээс зөвшөөрөгдсөн хэсэг бүлэг хүмүүсийг, зөвшөөрсөн нь адислана гэж бодохгүй байна, ийм ойлголт таны бичсэнээс харагдаж байна.
Таны захиаг харахад гишүүдэд санаа зовж, зөв бурууг ойлгуулах гээд байгаа бололтой. Гэхдээ хэний буруу, хэний зөвийг та ч, би ч баталж чадахгүй. Та нөхцөл байдлыг нүдээрээ хараагүй, би ч хараагүй. Та тэр өглөөний ЖЭЭ-ийн уулзалт дээр байгаагүй. Би ч байгаагүй. Гэхдээ би бичлэгийг нь үзсэн. Харин таныг үзсэн гэдэгт эргэлзэж байна. Үзсэн бол ийм зоригтой бичээд байхгүй байсан болов уу. Өнөөдөр 1990 он биш шүү дээ. Солонгост юу болно тэрнийг энд хүмүүс тэр дор нь үзчих хэмжээнд Монгол орон чинь хөгжчихөөд байгаа.
Жинхэнэ Аав Монголоос ирсэн гишүүдийг ЖЭЭ-ийн өдөрт ирснийг тодоос тодоор зэмлэсэн, мөн Бо Хи Паг гуайг Аавын үгэнд оролгүй өөрөө явсан учраас машинаа эвдлүүлж үхэх шахаа биз дээ гэж ямар ч солонгос хэлтэй хүн ойлгохоор хэлээд байхад Жинхэнэ Аав томилон тусгайлан явуулсан Бо Хи Пагийг Монголчууд дагасангүй гэж дахин дахин бичсэн чинь утгагүй хэрэг. Хүсвэл бичлэгийг нь дахин авч үзээрэй. Солонгост 10 жил орчим болсон, тэгээд дээрээс нь Чон Жон Гүн зэрэг мундаг газар орчуулга хийдэг болохоор элбэг ойлгоно биз дээ.
“Энд байгаа миний чихэнд ийм мэдээ сонсогдож байгаа юм чинь та бүхэнд тэрнээс ч илүү худал хуурмаг яриаг зохиож ярьж өгсөн байх аа” гэж бодож өөрийнхөө сэтгэлийг дэмий өвтгөх тэгээд бас бидний өмнөөс гэмшлээ барилаа гэж сүрийг бадруулан бичих хэрэггүй байх аа.
Та бас захиандаа “хараад өгөөч ээ, болио гээд хэлээд өгөөч ээ, тэгээч ээ, ингээч ээ” гэж их олон бичжээ. Үүнийг Монголчууд турхиралт, нэгийг нь нөгөө рүү дайруулах, арай зөөлнөөр хэлбэл хүний гараар могой бариулах гэж хэлдэг. Түүний оронд та энэ олон жил Солонгост байсан хүн байна, ядаж нэг удаа Монголдоо ирээд хамт хүчин зүтгэж байсан ахан дүүс чинь Монголдоо юуг хийж бүтээж вэ гэдгийг харахаар ирвэл ямар вэ гэдэг санал тавимаар санагдаж байна. Монголдоо юу байгааг харалгүй, хүний хэлж буйгаар төсөөлж бичиж байгаа чинь далай дор аялж үзээгүй мөртлөө далай дор тийм л юм байгаа гэж таамаглан бичиж суусан Жюль Верний зохиолтой их адилхан санагдаж байна. Тэгээд мөн дээрээс нь Кан багшийг их зохисгүй үгээр их олон бичсэн байна. Ингэж болохгүй ээ, эгчээ. Монголд байгаа гишүүдээ ингэж үл тоомсорлож, балчир хүүхдүүд шиг санаж болохгүй. Кан багшийг хэн бэ гэдгийг өнөөдрийг хүртэл Монгол оронд хийсэн бүтээснээр хөдөлгөөний бид болон хөдөлгөөний биш нийгмийн хүмүүс хүртэл бүгд тодорхой итгэлтэйгээр хэлж чадна. Батлаж ч болно.
Үнэн гэдэг зүйлийг нууж болохгүй гэж өөрөө ч бичсэн л байна. Гарын алгаар хэн ч нарыг халхалж чадахгүй гэдэг ишлэл түрүүчийн Бо Хи Паг гуайн захианд ч байж л байсан. Тийм л бол буруу зөв нь өөрөө аяндаа харагдах биш үү. Заавал зангиран байж хэн нэгний бурууг харуулснаараа та юунд хүрэхийг хүсээ вэ? Хэн нэгний сүнсэн ертөнцөд хаана очих нь танд ямар хамаа байна аа? Хэрвээ тийм л хамаатуулахыг хүссэн юм бол сайн газар очихыг ерөөх нь зөвхөн хөдөлгөөний хүмүүсийн хувьд ч биш цохилох зүрхтэй хэний ч хийх л ёстой үйлдэл биш гэж үү. Бүр ерөөдөггүй юм аа гэхэд ядаж хэний ч дургүйг хүргэх хараалыг бичмээргүй байна аа эгчээ. Багшийг сүүлийн хоёр жил ЖЭЭ-тэй нэг ч удаа уулзаагүй, сүмийн үйл ажиллагаанд оролцож байгаагүйг та сайн анзаарчээ. Харин багшийг энэ хугацаанд ямар хүнд өвчтэй болоод хэрхэн эмчлүүлж байсныг харин та дуулсан болов уу? Монголд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг багшийн нэр дээр байгаа гэдэгт та нэг нүдээрээ дэнчин тавихад ч бэлэн байх шиг байна. Ирээд үзээрэй. Мэдэхгүй зүйлээ ингэж итгэлтэй бичиж болдог юм уу. Таныг өдий том болсон, бас дээрээс нь сэтгүүлч мэргэжилтэй соёлтой хүн гэж дуулсан юм байна. Онгоц буудаж тоглодог шиг үнэнээр тоглож болохгүй ээ.
Хорвоо дээр нэг ч мод ямар муухай шавар шавхай, намаг дээр ургасан байлаа ч эргээд шавхай намгаа зүхдэггүй. Та Кан багшийн ачаар Солонгос орон явж, хань ижил хайрт хүүтэй болоогүй гэж үү. Сайн ч бай, муу ч бай энэ хүнийг эргээд зүхэж сууна гэдэг маш муу хэрэг. Энэ бол хүний хамгийн муу хуншгүй чанар. Тэгээд бас Кан багшийг хоол авч өгөх гэж байна, битгий яваарай гэж хоёр нүдээ ухаад гаргаад өгөхөөс буцахааргүй бичсэн байна. Их инээдтэй хэрэг. Тэр өдөр японоос ирсэн ахмад гэр бүлүүд монгол дах дүү нараа хоолоор дайлъя гэж дуудсанаас Кан багшийг оруулах гэж дуудсаныг би л лав мэдэхгүй юм байна. Мэдээллийг зөв хүнээс зөв авч байгаарай. Манай гэр бүлийн хүн өвдөөд тэр өдөр би үнэндээ очиж чадаагүй л дээ. Оройн 6 цагаас шөнө дөл болтол олон гэр бүлүүд зовлон жаргалаа хуваалцан, баярлаж хөөрөн уулзсаныг маргааш ахан дүүсээсээ дуулсан.
Энхжаргал эгчээ, үнэндээ би таныг сайн мэдэхгүй. Энэ захиаг би танд хар буруу санасандаа бичсэнгүй. Таныг аливааг наанатай, цаанатай ухаалаг хүлээж авах байх аа гэж найдсан учраас бичлээ.
Таныг хүндэтгэсэн,
Энхтайваны Чинзориг,
Адислагдсан Төв Гэр Бүлийн Гишүүн.
No comments:
Post a Comment